Засаг захиргаа, нутаг дэвсгэр

Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, нийслэлд; аймаг сумдад, сум багт; нийслэл дүүрэгт, дүүрэг хороодод хуваагдана. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргаас бүрэлдэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлана. Монгол Улс Ази тивийн төвд, хойт өргөргийн 410 35” – 520 06”, зүүн уртрагийн 870 47” – 1190 57”-ийн хооронд байрлаж, хойт талаараа Оросын Холбооны Улстай 3543 км, өмнө талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4709.6 км хиллэдэг. Нутгийн баруунаас зүүн цэг хүртэл 2392 км, хойноос өмнө цэг хүртэл 1259 км, нийт 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Монгол Улсын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш дунджаар 1580 м өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь Хүйтэн уулын оргил 4374 м, хамгийн нам цэг нь Хөх нуурын хотгор 532 м болно. Нийслэл Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1350 м-т оршдог. Монгол Улс нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд 17 дугаар байранд ордог. Хөвсгөл нуур цэнгэг тунгалгаараа дэлхийд тэргүүлдэг, 262.4 м гүн бөгөөд уг үзүүлэлтээр дэлхийд Оросын Холбооны Улсын Байгаль нуурын дараа хоёрдугаарт ордог. Монгол орон дөрвөн улирал ээлжилсэн эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хамгийн их салхи шуургатай үе дөрөв, тавдугаар сард тохиодог. Нэгдүгээр сард хамгийн их хүйтэн, долоодугаар сард хамгийн халуун байдаг.

Он сонгох: